Saturday, March 1, 2014

Гийгүүлэгчийн тухай

М, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ.
Гажилт:
1.Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын Г нөхцөл

эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.

2. Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт.

Эгшиг зохицох ёс

.
Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.

Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.

Гажилт:
1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Эгшиг уруулын талаар зохицохдоо:

1. Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.

2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.

3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.

4. Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.

5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:

Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь
а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө

Гажилт:

1. уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.

2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

Д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.

Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт.
Гажилт:
Үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.

Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.
Гажилт:
Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.


No comments:

Post a Comment