Saturday, March 1, 2014

Үг бүтэх ёс


Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн бүтцийн судалгаа нь үгийн цөм утгыг агуулж буй язгуур бүтээвэр, тэрхүү язгуурт залгаж, үгийн сангийн нэмэлт утга оруулдаг дагавар бүтээвэр хоёрын утга, байр, бүтцийн тухай асуудал юм. Үгийн бүтцийн судалгаа нь монгол хэл шинжлэлийн ууган, суурь судалгааны нэг болохын хувьд XIX зууны эхэн үеэс өрнө, дорнын эрдэмтэд дан монгол хэл болон түрэг, манж түнгүүс зэрэг алтай язгуурын бүлэг хэлний төвшинд бусад төрөл хэлтэй харьцуулсан судалгаа хийж томоохон бүтээл олныг туурвижээ. Эдүгээ ч тэдний залгамж халаа болсон залуу эрдэмтэд монгол хэлний үгийн бүтцийг сонирхон судалсаар байна.    Үгийн бүтцийн судалгаанд огт судлаагүй орхисон
, судалсан ч нэгэн мөр болж шийдэгдээгүй санал харилцан зөрүүтэй асуудлууд нэг бус байна. Дотоод, гадаадын эрдэмтэд багагүй судалсан боловч одоог хүртэл ац саналтай байгаа зүйлд үйл үгийн хэв, түүний бүтээврүүд зүй ёсоор багтана. Хэвийн тухай маргаантай асуудлыг шийдэхэд өөрийн санаа бодлоо нэмэрлэх зорилгоор өнгөрсөн жил “Монгол хэлний хэвийн бүтээврийн тухай”[1] хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн билээ. Монгол хэлний “хэв”-ийг уламжлалт судалгаанд үгийн сангийн нэмэлт утга үүсгэхгүй, зөвхөн хэлзүйн харьцаа заана гэж тодорхойлж ирсэн боловч сүүлийн үеийн судалгаагаар хэвийн бүтээврүүд нь хэлзүйн харьцаа заахын сацуу үгийн сангийн утга илэрхийлдэг болох нь батлагдаад байна. Тиймээс ч монгол хэл судлаачид хэвийн тухай асуудлыг ихээхэн сонирхох боллоо. 2011 оны наймдугаар сард хуралдсан Олон Улсын Монголч Эрдэмтний Х Их Хуралд монгол хэлний хэвийн тухай хоёр илтгэл[2], хэвийн бүтээвэртэй шууд холбогдох мөн хоёр илтгэл[3] хэлэлцүүлсэн нь үүний тодорхой баримт болно.

    Үг бүтэх зүй тогтол, бүтцийн харьцаа, онцлогийг нарийвчлан судлах нь хэлний үгийн утга, бүтэц, хэлзүйтэй холбогдсон олон асуудлыг нэгэн мөр болгон шийдвэрлэхээс эхлээд шинжлэх ухаан, техникийн нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс зөв оноох, үгийг зөв дуудах, зөв бичих, зааж сургах зэрэг онол, хэрэглээний олон зорилттой нягт холбогддог. “Монгол хэлний хэвийн бүтээвэр” хэмээх өгүүллийн шууд үргэлжлэл болгон тус өгүүлэлд үйлээс үйл үг бүтээх (deverbal verbal suffixes) дагавруудын тухай авч үзэв.

    Орчин цагийн монгол хэлний хэлзүйчдийн бүтээлүүдийг шүүн үзэхэд үйл үг бүтэхээс нэр үг бүтэх ёс, арга хэрэглүүрийг илүү нарийвчлан судалсан байдал ажиглагддаг. Үйл үг бүтэх тогтолцоог Г.И.Рамстедт[4], Г.Д.Санжеев[5], П.Бямбасан[6], Ц.Өнөрбаян[7] тэргүүтэй гадаад, дотоодын цөөн эрдэмтэн судалж, онолын бүтээлүүдээ нийтлүүлжээ.

    Монгол хэлний үг бүтээх дагаврыг бүртгэн судалсан ном зохиол, сурах бичгүүдэд нэр үг бүтээх дагавраас үйл үг бүтээх дагавар тооны хувьд цөөн байна[8]. Үүнийг судлаачид үйл үг бүтээх дагаврын “бүтээлч” шинжтэй холбон тайлбарладаг. Үнэхээр ч үйлээс үйл үг бүтээх –р, -л дагаврууд нь бүтээлч дагавар юм. Үг бүтээх дагаврын давхарлан орох байрыг ажиглахад N → V → N, V → N → V гэх мэтээр нэр, үйл үг бүтээх дагаврууд салаавчлан орж шинэ үг бүтээх нь N → N → N, V → V → V гэсэн бүтцээс идэвхтэй хэрэглэгдэж байна. Иймд үйлээс нэр үг бүтээх, нэрээс үйл үг бүтээх дагаврууд нь нэрээс нэр үг бүтээх, үйлээс үйл үг бүтээх дагавраас тоогоороо илүү байдаг ажээ. Өөрөөр хэлбэл нэг үгийн аймгийн хүрээнд шинэ үг бүтэхээс хоёр өөр үгийн аймгийн хүрээнд шинэ үг бүтэх нь монгол хэлний хувьд “бүтээлч” шинжтэй юм.

    Монгол хэлний дагаврыг бүртгэн судалсан бүтээлүүдээс үйлээс үйл үг бүтээх дагавар гэж судлаачдын тодорхойлсон бүтээврүүдийг шүүн нэгтгэхэд 30 орчим дагавар болж байна. Эдгээрээс үйлээс үйл үг бүтээх –л, –р дагавар монгол хэлэнд буйг хэлзүйн бүтээлүүдэд санал нэгтэйгээр тэмдэглэжээ. Монгол хэлний үгийн бүтэц, үйл үгийн тогтолцоог судлахад хамгийн түрүүнд тулгардаг, судлаачдын санал харилцан зөрүүтэй байгаа зүйл бол үйл үгийн хэв, түүний бүтээврүүдийн тухай асуудал гэдгийг дээр дурдсан билээ. Хэвийн бүтээврүүдийн байрыг ажиглахад үйл язгуур, үйл үгийн үндэсний ард, хэлзүйн харьцаа заах нөхцөлийн өмнө, үгийн бүтцийн дунд байрладаг. Энэ нь тэдгээрийн үндсэн байр боловч орчин цагийн монгол хэлэнд[9] хэвийн бүтээврийн араас үйлээс нэр үг бүтээх зарим дагавар орж, нэр үг бүтээх болсон нь судлаачдын дунд ихээхэн эргэлзээ, маргааныг бий болгожээ. Байрынх нь энэ онцлогт тулгуурлаж сүүлийн жилүүдэд “хэв”-ийн бүтээврүүдийг “үйлээс үйл үг бүтээх дагавар” хэмээн дагаврын ангид багтаан судлах тал ажиглагдах болсон ч нэг хэсэг судлаач нөхцөл, нөгөө хэсэг нь дагавар хэмээж, гурав дахь нь энэ хоёрын дундын буюу үгийн сан-хэлзүйн утгатай бүтээвэр мөн гэсэн таамаглал дэвшүүлж, маргаан үргэлжилсээр байна.

    Хэвийн бүтээврүүд нь үнэндээ дагавар нөхцөлийн дундын шинжтэй бус харин түүхэн хөгжлийн явцдаа хэлзүйн харьцаа зааж байсан бүтээвэр зарим тохиолдолд үгийн сангийн утга зааж дагаврын үүрэг гүйцэтгэх болж, үйл үгийн тусах (transitivity), эс тусах чанар (intransitivity)-ыг өөрчилдөг болсноор байр, утга, үүргээрээ ялгарах үйлээс үйл үг бүтээх дагавар (deverbal verbal suffixes), хэвийн нөхцөл (voice affixes) гэсэн ижил хэлбэрийг үүсгэсэн байна.

    Монгол хэлэнд үйл язгуур үндэснээс үйл үг бүтээх -л, -р, -уул (-лга, -га, -аа)[10], -гд (-д, -т), -лд, -лц гэсэн дагаврууд байна гэсэн саналыг үндсэндээ дэмжиж байна. Үүнээс гадна эрдэмтэд үйл язгуур, үндэснээс үйл үг бүтээх дараах дагаврууд байна гэсэн таамаглал дэвшүүлжээ.

1. –ВЧ (-bči) дагавар. “Олонтаа үйлдэх” [21.33] утгатай үйлээс тусах үйл үг бүтээх –вч дагавар монгол хэлэнд байна гэж судлаачид [19; 21.33] үзээд, “ани-вч” гэсэн ганц үгээр жишээ татдаг. Үгзүйн судалгаанд аливаа нэгэн язгуур, дагавар хоёр ба түүнээс дээш үгийн бүтцэд тохиолдож байвал түүнийг амьд язгуур, амьд дагавар гэж үздэг. Орчин цагийн монгол хэлний томоохон толь бичгүүдээс шүүн үзэхэд –вч дагавар залгаж бүтсэн “анивчих” гэсэн ганц үгнээс өөр тохиолдол олдсонгүй. Тиймээс дээрх шалгуураар –вч нь мөхсөн дагавар, эсвэл бие даасан хоёр өөр бүтээвэр байж болно. Гэвч “анивчих” гэдэг үгийг үгийн бүтцээр задлахад, язгуур нь “ani-” (ани-) биш, “anib anib” (анив анив) гэсэн дүрслэх язгуур болох нь мэдэгдэнэ. Судлаачид энэ үгийн язгуур, дагаврын заагийг буруу ухаарснаас болж –вч гэсэн үйл үг бүтээх дагавар байна гэж үзжээ. “Анив-” гэсэн дүрслэх язгуурт “анив-ч-”, “анив-лз-”, “анив-схий-” гэх мэтээр дүрслэх язгуураас үйл үг бүтээх -ч, -лз, -схий зэрэг дагавар залгаж шинэ үг бүтээж буй нь үүний нэг баримт юм. Иймд зарим судлаачийн үйлээс үйл үг бүтээх –вхий [23.124], –вхийл [21.32] зэрэг дагавар байна гэсэн санал нэлээн эргэлзээтэй санагдаж байна.

2. –ВЧИЛ (-bčila, -bčile) дагавар. “bari-” (барих), “yaγara-” (яарах) зэрэг үйл үндэснээс bari-bčila-, yaγara-bčila- гэх мэтээр үйл үг бүтээх –bčila/-bčile дагавар байна гэж [21.34] үзжээ. Уг дагавар нь түүхэн хувьслын үүднээс *–bči (V-N) + *-la (N-V) дагавраас бүтсэн нийлмэл дагавар хэдий ч орчин цагийн монгол хэлэнд нийлж нэгэн утга илэрхийлж байна. Тиймээс үйлээс үйл үг бүтээх –bčila/-bčile дагавар монгол хэлэнд бий гэсэн саналыг дэмжиж байна.

3. –Ж (-ji) дагавар. Монгол хэлэнд үйлээс үйл үг бүтээх –ж дагавар байна [21.185]. Энэ дагавар нь доорхи байдлаар үгийн сангийн нэмэлт утга үүсгэнэ.

sun- (суна-)                                                 гадны нөлөөгөөр татагдан урт, өргөн болох

sun-ji (сунжих)                                             удаашрах, урт болох

sun-ji-ra- (сунжрах)                                     тасрахгүй үргэлжлэх

sun-ji-ra-γul- (сунжуулах)                           удаашруулах

büri- (бүр-)                                                    буцламгай халуун усанд хуурай юм хийж уурыг гадагш гаргахгүй бигнэж шимийг буулгах

büri-ji- (бүржих)                                            бүрэлдэх: жимс бүржих (жимсийг чихэр зэрэг амтлах зүйлээр бүрэх)

büri-ji-mel (бүржмэл)                                     жимс, бурам, чихэр зэргийн холимог царцанги бүтээгдэхүүн, цэлцэгнүүр.

4. –ЖИР (-jira, -jire) дагавар. Судлаачид [23.230; 21.188] үйлээс үйл үг бүтээх –жир дагавар байна гэж үзээд “сунжрах” [23.231; 21.188], “тонжрох” [21.188] гэсэн үгээр жишээ татжээ. Өмнө өгүүлсэнчлэн үйлээс үйл үг бүтээх –ж дагавар монгол хэлэнд байгаа нь –жир гэсэн дагавар байхгүйн нотолгоо болно. Өөрөөр хэлбэл уг дагавар нь –ji (V-V) –ra (V-V) гэсэн тус тусдаа утга, үүрэгтэй бие даасан дагаврууд юм. sun- < sun-ji- < sun-ji-ra- болно. Харин “tonjira-” гэсэн үгийн тухайд “tonji” (цор ганц), “tonji-ra-” (олны дундаас ганцаараа шалгаран гарах) буюу “тонж” хэмээх нэр язгуурт үйл үг бүтээх “–р” дагавар залгаж бүтсэн үг юм.

6. –МД (-mda, -mde) дагавар. Орчин цагийн монгол хэлэнд үйлээс үйл үг бүтээх –мд дагавар байна гэж зарим судлаач [19; 23.168; 21.102] үзжээ. Тус дагаврыг “тухайн үйлийг улам эрчимтэй болгох” [23.168] утга илтгэнэ гэж тодорхойлдог. Судлаачдын жишээ татсан “найрамдах”, “тулгамдах” зэрэг үг нь үгийн бүтцээр доорхи байдлаар задарна.

nayira- (найрах)                                          санаа сэтгэл зохицон нийлэх, эв найртай болох

nayira-m (найрам)                                      дотно сайхан харьцаатай байгаа нь, эе эв: найрам хүн (дотно сайхан харьцаатай, эвтэй хүн), намираа хур тарианд тустай, найрам зан бүлгэмд тустай

nayiramda- (найрамдах)                              сайн, нөхөрсөг харилцаатай болох

tulγa- (тулга-)                                              хэт ойртуулах, юмыг хооронд нь хүргэх, хүлээлгэхээр албадан шаардах, сүрдүүлэх

tulγa-m (тулгам)                                  тулах дөхсөн, цаг хугацааны бачим, шахуу: тулгам байх (хугацаа шахуу байх), тулгам хугацаатай (шахуу хугацаатай)

tulγa-m-da- (тулгамдах)                              сандрах, тэвдэх, тулгарах

Иймд монгол хэлэнд үйлээс үйл үг бүтээх –мд дагавар байхгүй, энэ нь –м (V-N) + –д (N-V) гэсэн бие даасан дагаврууд юм.

7. –МС (-msa, -mse) дагавар. Эл дагаврыг “үйл явдлын ялимгүй ахих, хүсэмжлэх утгатай” [21.97] үйл үг бүтээнэ гэжээ. Түүхэн хувьслын үүднээс *-msa, *-mse дагавар байж болох ч орчин цагийн монгол хэлэнд энэ нь ямар нэгэн утга илтгэж бие даан үг бүтээдэггүй. –msar/-mser гэсэн нийлмэл дагавар нь үйлээс нэр үг бүтээнэ. Жишээ нь: toγu-msar, uqa-msar, sana-msar-güi гэх мэт.

8. –НЦ (-nča, -nče) дагавар. Уул дагаврыг үйл үндсэнд залгаж “үйлийн давтагдах ба зэрэгцэх шинжийг илтгэх утгатай үйл үг бүтээнэ” [21.24] хэмээгээд хайнцах, эргэнцэх (эргэлдэх), ээрэнцэх (ээрэнцэг бүжиг хийх) зэрэг жишээ татсан байна. Эдгээрийг үгийн бүтцээр задалбал:

qayin (хайн)                                         наадах, барилдах зэрэгт тэнцэх, аль аль нь хожилгүй болох, тэнцээ: хайнаа хагалах (дахин наадаж эсвэл барилдаж хэн дийлэхээ үзэх, шовхоо үзэх)

qayin-ča- (хайнцах)                             барилдаж буй хоёр бөх нэг зэрэг унах; шатар зэрэг наадам тэмцээнд хожилгүй болох, харилцан тэнцэх.

ergin (эргэн)                                         эргэн тойрон

ergin-če- (эргэнцэх)                             эргэлдэх

болно. Иймд qayi-, ergi- гэсэн язгуурт үйл үг бүтээх –nča/-nče дагавар залгаж бүтсэн үг бус, харин qayin, ergin гэх мэт нэр үндсэнд эс тусах үйл үг бүтээх –ča дагавар залгаж бүтсэн үг байна. Энэ нь qalaγun-ča- (qalaγuča-), juγa-ča-, esergü-če зэрэг үгнээс үйл үг бүтээх –ča/-če дагавар болно.

9. –Ш (-si) дагавар. Монгол хэлэнд үйлээс үйл үг бүтээх –ш дагавар байна гэж судлаачид [3.97; 21.135] судалгааны бүтээлүүддээ тэмдэглэсэн байна. “ögire-”, “balara-”, “dar-” зэрэг үйл үндсэнд “–si” дагавар залгаж шинэ үг бүтээнэ гэжээ. Жишээ нь:

ögire- (өгрөх)                                          юмны өнгө гутаж хувхайрах, хуучирч хэврэгших

ögire-si- (өгөрших)                                 эд юмсын өнгө гутаж хүүршин хэврэгших, өгөр шинжтэй болох

dar- (дарах)                                            дээрээс доош хүчлэх

dar-(u)si- (дарших)                                 нягтарч хатуурах.

10. –ШИР (-sira, -sire) дагавар. –sira/-sire дагаврыг “qala-” (халах), “ükü-” (үхэх) зэрэг үйл үндсэнд залгаж, “üküsire-” [3.97; 21.140], “qalasira-” [3.97] гэсэн үйл үг бүтээнэ гэжээ. Судалгааны болон хэлний баримт дээр тулгуурлан ажиглахад “üküsire-” хэмээх үгийн –sira/-sire залгавар бүтээвэр нь –si (V-V) + –ra (V-V) гэсэн тус тусдаа биеэ даасан дагавар болох нь илэрхий байна. Жишээлбэл,

ükü- (үхэх)                                 амьд биеийн амь тасрах, амьгүй болох

ükü-si- (үхших)                          ургамал ногоо бага зэрэг хатаж үхэх шинж орох

ükü-si-l (үхшил)                          үхших үйлийн нэр

ükü-si-ge (үхшээх)                     ургамал ногоог үхших байдалд оруулах

ükü-si-re- (үхширэх)                  хүн, амьтны махбодын ажиллагаа суларч нэгмөсөн хөдөлж чадахаа болих

    Энэ нь дээрх үйлээс үйл үг бүтээх –ш дагавар монгол хэлэнд байгааг давхар баталж байна. qalasira- гэдэг үгийн тухайд qala- нь “ойртох, халдаж очих” гэсэн утгатай үйл язгуур биш, “qala” буюу “бэрхшээл, зовлон, зүдгүүр” гэсэн утга бүхий нэр язгуур юм. Тиймээс “qala” хэмээх нэр язгуурт нэрээс үйл үг бүтээх –si дагавар, qalasi- хэмээх үйл үндсэнд үйлээс үйл үг бүтээх –ra дагавар залгаж бүтсэн үг юм.

    Түүнчлэн –ХИЙЛ [20; 23.131; 21.118] (бодолхийл-, нугалхийл-), –РХ [21.203] (тунирх-, соёрх-), -ТГА, -ТГЭ [21.166] (ичитгэ- =алах, үхэтгэ- =алах, үлитгэ- =жишээлбэл), -ХА, -ХЭ [21.37] (гунихра-, гальхра-), -С [26] (Uje-s- UjeskUleng; anisqa ~ hanisqa – hanis-) гэх мэтийн үйл язгуур, үндэснээс үйл үг бүтээх дагавар байна гэсэн судлаачдын санал байна. Зарим судлаач байдлын -цгаа4 [8.143; 21.176; 26.174], -зна4 [8.144, 21.182, 26.180], –ч/–чих [8.144; 23.225; 26.176], биеэр төгсгөх –г [19; 23.131], -аач2 [23.145] зэрэг нөхцөлийг үйл үг бүтээх дагавар гэж үзжээ. Мөн зэрэгцүүлэн холбох –аад4 нөхцөл “орхи” гэсэн үйл үгийн задлаг хэлбэрээс үүссэн –аадах4 (хэлээдэх, яваадах, өгөөдөх) гэсэн ярианы хэлэнд түгээмэл тохиолддог нийлэг хэлбэрийг академич Ш.Лувсанвандан [8.143], японы монголч эрдэмтэн Ш.Шиотани [25.177] нар үйлээс үйл үг бүтээх дагаврын бүрэлдэхүүнд багтаан судалсан байна. Бас чөлөөт бус язгуураас үйл үг бүтээх дагаврууд (departicle verbal suffixes)-ыг зарим судлаач үйлээс үйл үг бүтээх дагаврын ангид оруулан судалсан байдал ажиглагддаг.

    Монгол хэлэнд дээрх мэтээр үйлээс үйл үг бүтээх 30 гаруй дагавар байна гэж судлаачид үзжээ. Энэ нь монгол хэлний уламжлалт судалгаанд саяхныг хүртэл дагаврын бүртгэл, утгыг голлон анхаарч, үгийн бүтцэд эзлэх байр харьцаа, үүргийг нарийн судлаагүйгээс болж ижил дагаврууд (homosuffix)-ыг хооронд нь хутгах тохиолдол нэлээд түгээмэл байсантай холбоотой юм. Жишээлбэл, үйл язгуураас үйл үг бүтээх “–р” дагаврыг нэр язгуураас үйл үг бүтээх “–р”, дүрслэх язгуураас эс тусах үйл үг бүтээх “–р” дагавруудтай адилтган үзэж нэгэн дагавар мэтээр тайлбарласаар ирсэн байдаг. Гэтэл эдгээр гурван дагавар нь байр, утга, үүргээрээ бие биеэсээ ялгарах тус бүрийн онцлогтой биеэ даасан бүтээврүүд юм. Ингэж чөлөөт биш язгуураас үйл үг бүтээх дагаврыг үйл язгуураас үйл үг бүтээх дагаврын ангид багтаан судлах, язгуур, дагаврын заагийг буруу ухаарснаас үүдэн шинэ дагавар буй болгох, бие даасан хоёр дагаврыг нэгэн дагаварт тооцох, нэгэн дагаврын хоёр хувилбарыг бие даасан дагавар болгон судлах зэрэг дутагдлууд монгол хэлний үгийн бүтцийн судалгаанд ажиглагдаж байгаа боловч үгийн бүтэц, үг бүтээх дагаврыг цаашид улам нарийвчлан судлахад эдгээр судалгааны бүтээлүүд нь чухал суурь дэвсгэр болдог ач холбогдолтой.

    Үгийн бүтцийн судалгаанд тулгуурлаж, монгол хэлний үг бүтээх дагаврыг судалсан эрдэмтэд бараг анзааралгүй өнгөрсөн үйлээс үйл үг бүтээх хоёр дагаврын тухай өгүүлье.

1. Үйлээс үйл үг бүтээх –Ц (-ča, -če) дагавар. Монгол хэлэнд үйл язгуур үндсэнд залгаж, тухайн үйлийн үр дүн, байдлыг заасан утгатай эс тусах үйл үг бүтээх –ц дагавар байна. Жишээ нь:

oriya- (ороох)                                         – боох, утсаар ороох

oriya-ča- (орооцох)                                – хамаагүй ороох

oriya-ča-ldu- (орооцолдох)                   – салахгүй зууралдах, таагүй хэрэгт нэр бие холбогдох: хэл аманд орооцолдох

bari-ča- (барьцах)                                  – бусдыг заан мөчөөрхөх

bari-ča-ldu- (барьцалдах)                     – барь-ц-лд-аа, барь-ц-лд-уул-

bari-ča-γul- (барьцуулах)              гэх мэт...

joki- (зохих)                                         – зүй ёсонд нийцэх, зүй ёсоор нь болгох, юмны эв зүй таарах, тохирох

joki-ča- (зохи-ц-)                                – харилцан тааламжтай болох, санаа сэтгэл тохирох, орчин нөхцөл, өвөрмөц байдалд дасах, идээших, бусдыг аялдан дагах: ааш занд нь зохицох гэх мэт утга илтгэнэ.

joki-ča-ldu- (зохицолдох)              –зохицолдлого, зохицолдоо

joki-ča-γul- (зохицуулах)              –зохицуулагч, зохицуулалт гэх мэт...

    Хэлний баримтад тулгуурлан ажиглахад –ц дагаврын ард үйлээс нэр үг бүтээх–гч (барьцагч), –л (зохицoл), –лт (зохицолт), –мал4 (зохицмол), үйлээс үйл үг бүтээх –лд (орооцолд-), –уул2 (барьцуул-) зэрэг дагавар залгаж шинэ үг бүтээн үндэс үүсгэж, ардаа дагавар давхарлан авах нөхцөлийг бүрдүүлж байна.

2. Үйлээс үйл үг бүтээх –ГА4 (-γu, -gü) дагавар. Монгол хэлэнд үйлээс үйл үг бүтээх –га4 (-γu, -gü) гэсэн нэгэн дагавар байх шиг байна.   
    Зарим судлаач уг дагаврыг үйлдүүлэх утгатай –га4 (-γa/-ge ~ -qa/-ke) дагавартай хутгасан тохиолдол ажиглагддаг. Xэлний жишээ баримт дээр тулгуурлан харьцуулахад эдгээр бүтээвэр нь орчин цагийн монгол хэл, монгол кирилл үсгээр ижил хэлбэрээр бичих боловч утга, үүрэг, байраараа хоорондоо ялгаатай байна.

А. Үйлдүүлэх утгатай –га4 (-γa/-ge ~ -qa/-ke) дагавар:

γar- (гарах)                                             –дотор байсан юм гадагш шилжих, ил болох

γar-γa- (гаргах)                                      –юмыг дотроос гадагш шилжүүлэх

sur- (сур-)                                                 –мэдэхгүй зүйлээ мэддэг болох

sur-γa- (сургах)                                       –мэдэхгүй зүйлийг нь мэдүүлэх, зааж өгөх

Б. Үйлээс үйл үг бүтээх –га4 (-γu, -gü) дагавар:

seri- (сэрэх)                                               – нойрноосоо сэрэх

ser-gü- (сэргэх)                                         – тэнхрэх, өөдлөх, дахин дэгжих

ser-gü-ge- (сэргээх)                                  – сэргэхийн үйлдүүлэх утга

oru- (орох)                                                 – дотогшлох, багтах

or-γu (оргох)                                             – босох, буруулан зайлж одох

or-γu-γul- (оргуулах)                                – оргохын үйлдүүлэх утга

    Үйлээс үйл үг бүтээх –га4 дагаврын дараа үйлээс нэр үг бүтээх –г (сэргэг), -гч (оргогч), -дал4 (оргодол), -л (босгол), -лан4 (сэргэлэн), -лт (орголт), -мж (сэргэмж), -мтгай4 (оргомтгой), -уул2 (босгуул-), үйлээс үйл үг бүтээх -аа4 (сэргээ-), -уул2 (оргуулах) гэх мэт дагавар тохиолдож болно.

    Монгол хэлэнд –вчил, –ж, –ш болон –ц, –га4 (-Gu, -GU) зэрэг үйлээс үйл үг бүтээх дагавар байх шиг байна. Зарим нь хэлний хөдлөшгүй баримтаар нотлогдож буй тул сурах бичиг, ном зохиолуудад оруулан зааж сургах, цаашид үгийн бүтцэд эзлэх байр, харьцаа, хэл найруулгад гүйцэтгэх үүргийг нь хам ба цуваа цагийн үүднээс лавшруулан судлах ээлжит зорилт урган гарч байна.

    Монгол хэлний үйлээс үйл үг бүтээх дагавруудын дотор –л, –р,  -уул/-үүл [-лга, -га (-γa, -ge), -аа], -гд [-д, -т], -лд, -лц гэх мэт бүтээлч дагавраас гадна, нэр үг бүтээх дагаврын нэгэн адил цөөн тооны үгийн бүтцэд тохиолддог, ихэвчлэн язгуурын дараа орж үндэс үүсгэн, араасаа үг бүтээх дагавар авах нөхцөлийг бүрдүүлдэг –вчил, –ж, –ш, –ц, –га4 (-γu, -gü) мэтийн бүтээлч биш дагаврууд бас байна.

    Нэр үг бүтээх дагаврын тухайд, жишээлбэл “мал” гэсэн нэр язгуурт ажил мэргэжил заах утгатай “-чин” дагавар залгаж үг бүтээж болох боловч “могой” хэмээхээс “могойчин” гэж шинэ үг бүтээхгүй байна. Үүний учир нь хэлэндээ бус хэрэглээндээ байна гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл хэрэглээнд орох боломжтой, хэлний нөөцөд бэлэн байдаг зүйл юм. Монгол оронд хэзээ нэгэн цагт зөгийн аж ахуй шиг могойн аж ахуй эрхэлж, могойн мах зэргийг хүмүүс хэрэглэж эхэлбэл “зөгийчин” гэдгийн нэгэн адил “могойчин” гэсэн нэр томьёо бий болох бүрэн боломжтой.

    Нэрлэлт хязгааргүй учраас дээрхийн адилаар тухайн дагаврыг залгах боломжтой (утгын хувьд зөрчилдөхгүй) ямар ч үндсэнд нэр үг бүтээх дагавар залгаж шинэ үг бүтээж болно. Харин бодот ертөнцийн үйл хөдлөл, түүнийг заан илэрхийлсэн үйл үгс нь нэр үгнээс харьцангуй цөөн байдаг. Үүний учир нь хэрэглээнд ямар нэгэн зүйл шинээр буй болоход түүнийг оноон нэрлэсэн шинэ шинэ нэр томьёог зохион хэрэглэдэг шиг шинээр үйл хөдлөл бий болох, түүнийг оноон нэрлэсэн үг хэллэгийг зохион хэрэглэх бараг боломжгүй. Үйл хөдлөл заасан үг нь цөөн учраас хэлэнд үйл үг бүтээх дагавар цөөн. Үйл үг нь ертөнцийн үй түмэн юм үзэгдлийн үйл хөдлөлийг заан, хэлний төгс дохио бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ, бас хэрэглээ ихтэй. Харин нэр үг, нэрлэлт хязгааргүй учраас түүнийг бүтээдэг дагавар олон. Олон учраас нэг хэсэг нь хэрэглээ ихтэй, нөгөө нь хэрэглээ багатай байдаг. Эл шинжээр нь үг бүтээх дагаврыг бүтээлч, бүтээлч бус гэж ангилдаг байна. Түүнчлэн хэлний өнгөрсөн үед идэвхтэй хэрэглэгдэж байсан зарим дагавар хэрэглэгдэхээ больж мартагдах, эдүгээ идэвхтэй хэрэглэгдэж буй дагавар ирээдүйд хэрэглээ нь багасаж идэвхгүй болох, эсрэгээрээ идэвхгүй дагавар идэвхтэй болох, мартагдсан дагаврыг сэргээн хэрэглэх зэргээр хэл үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг.



No comments:

Post a Comment